Төрийн Соёрхолт,Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав
Энэ орчлон дэлхийг бүтээхэд бүсгүй хүн, яруу найрагч
хоёр л оролцсон байх гэж би итгэдэг
Төрийн Соёрхолт,Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав
Орлонгийн чимэг болсон бүсгүйчүүдийг магтан дуулаагүй шүлэг, яруу найраг гэж байдаггүй ? Гоо сайхан бүхний төлөөлөл болсон бүсгүй хүний тухай хоёулаа яръя
Бүсгүй хүнгүйгээр айл гэр ч айл гэр биш, улс гэр ч оршин тогтноход хэцүү. Энэ орчлон дэлхийг бүтээхэд бүсгүй хүн яруу найрагч хоёр л оролцсон байх гэж итгэж байдаг. Бүсгүй хүнийг яруу найрагчид үлэмж сайхнаар ой ухаанд хоногштол хэлсэн байдаг. Сайхан бүсгүйн хөл гаслангийн модонд хүрэхэд цэцэглэдэг гэх жишээний.
Би ч бас бусдын жишгээр “Дорнын сарны шивнээ хатдын увьдас” гэж ном бичсэн. Энэ бол манай дорнын хүүхнүүд ямар онцлогтой юм, шүлэгчид зохиол дээр хэрхэн бичиж байсан юм гэх жишээний сэдвүүдийг оруулж өгсөн. Эндээс цөөн мөрийг хэлэхэд:
Бүсгүй хүнийг шинжих дорнын ухаан өрнийхөөс нэн өөр. Хөлийг таалж, гарыг үнсэх нь дорнын хүнд доромжлол санагддаг бол өрнийн хүнд дээд хүндлэл мэт байдаг. Ази дорнод бол эртнээс нүүр царай, нүд хөмсөг, мөр цээж, махлагдуу тэгш биеийг эрхэмлэж, уруулын улаан, шүдний цагаан, нүдний гал цог, ухааны уужим, зүсний чимэг, зүрхний баясгаланг дээдлэн магтаж ирсэн.
Хятадын хааны элч Чао хун монголд Өгөөдэй хаантай уулзаж, замын тэмдэглэл бичсэн байдаг. Түүнд Өгөөдэй хаан татвар эхнэрүүдийн сайхныг гайхаж эдгээр татвар эмс нь цас шиг цагаан, үзэсгэлэн төгөлдөр бөгөөд тэдний дөрөв нь алтан улсаас авсан хатагтай, нөгөө дөрөв нь татаар эхнэр байж. “Тэд даанч үзэсгэлэнтэй бөгөөд хайр дурлалыг хэтэрхий булаажээ.” хэмээн шохоорхон бичсэн байдаг.Мөн бидний залгамж үеийн яруу найрагч Ц.Хулан “ Ази” гэдэг шүлэгтээ:
Цац суварган таж махал
Шүншгэн дотроо нуудаг. 
Сайхан дорнын хүүхнүүд
Хувцсан дотроо явдаг гэж. Одоо бол өрнийг дуурайгаад гэдэс хүйсээ гаргах болж. Энэ бол өмнө нь тийм таалалтай байгаагүй юм. Энэ мэт яруу найргийн тухай ярьвал дуусашгүй их түүхийг өгүүлэх болно.
Би “Найраг дуунд мөнхөрсөн нартын сайхан хүүхнүүд” гэж ном бичсэн юм. Үүнд Дорнын хүүхнүүдийн тухай мөн бичсэн. Хамгийн эхэнд нь үзэсгэлэн гоо гэж сайхан дуу бий. Ядамсүрэн гуай “ Үзэсгэлэн гоо” гэдэг энэ дуугаа Ичинхорлоо гуайд зориулж бичсэн юм. Ичинхорлоо гуай сүүлд Ядамсүрэн гуайгаас гоолингоог авч дуулсан түүхтэй. Энэ хоёр сайхан хос. Хосын сайхан тууж хүртэл Ядамсүрэн гуайнх байдаг.
“Дунд голын ногоо нь ургасан мөртөө тарьсан шиг
Дүнжидмаагийн бүсгүй нь төрсөн мөртөө зурсан шиг” гэхээр үлгэр домгийн юм шиг.
Саяхан болтол бидэнтэй хамт байсан Лхагвасүрэн жанжны маань гэргий Дашцэдэн гуайд залууд нь зориулж хүрээний залуусын гаргасан дуу шүү дээ. Дунд гол бол ширгэхийн наахана байна. Харин дуу нь бол ширгээгүй хүмүүсийн зүрхэнд одоо ч оргилж боргилсоор л байна.
Сайхан бүсгүй шалгаруулна гэдэг бол манай ард түмний соёлын том хэмжүүр юм. Монголчуудын гоо сайхны хэмжүүр байдаг. Манай яруу сайхны хэмжүүр гэдэг өөр онцлогтой. Зүгээр нэг сайхан царай төдийгүй сайхан сэтгэлтэй, сайхан аальтай байна гэдэг бол их том соёл. Тийм учраас үүнийг монголчууд филисофийн үүднээс хэлэхдээ санаа сайн бол заяа сайн гэж их онож хэлсэн байдаг.
Бидний үед 1947 онд Чехославок улсын нийслэл алтан фрак хотод дэлхийн ардчилсан залуучуудын анхдугаар наадам дээр манай нэртэй цуутай хүүхнүүд болох Цэрэндолгор, Цогзолмаа гээд олон сайхан хүмүүс явж монголынхоо нэрийг дуурсгаж байсан. Тиймээс ч манай хүүхнүүдийг дэлхий мэднэ. Урд энэ уламжлал дээрээ дөрөөлөөд хэлтэй устай мэдлэгтэй болсон байна. Дотор талаасаа гэгээрч сайхан боловсорвол тэрхүү гоо сайхан нь улам сайхан тодорч тэр хүний сайхан чанар улам гэрэлтэнэ. Тиймээс ч зан сайтай айлд хүн цугладаг, замаг сайтай нууранд загас чуулдаг гэдэг шүү дээ.
Нацагдоржийн тэртээ 30-аад онд хэлсэн үг хүртэл байдаг. Монголчууд ээжүүдийн тухай
“ Монголын үзэсгэлэнт Сарангуа
Намайг төрүүлсэн Ижий гэж бичиж байсан. Тэгэхээр гоо сайхан гэдэг бол ямар ч үедээ алдрахгүй оршин тогтносоор байдаг аж.
Монгол эмэгтэйн онцлог гэж байна. Монгол эмэгтэйн төрх гэж бас байна.
Дамдинсүрэн гуай энэ ариусал яруусалыг их сайхан хэлсэн байдаг.
“Шингэн цагаан царай чинь шинэ цасны ширхэг шиг
Шинэ цасны ширхэгээс шимэхийн төдий хайрлаач” гэж бүсгүй хүнд хэлсэн. Тэгэхээр бүсгүй хүний царайг шинэ цастай зүйрлээд түүнээс нэг шимэхийн төдий хайрлаач гэж хэлж байгаа чинь л яруусал байгаа юм шүү дээ.Энэ яруусал аль ч үед алдрахгүй. Тэгэхээр сайхан монгол эмэгтэй хүн гэдэг тэр чигээрээ яруусал гэж хэлмээр байна даа.